Юу байцгаана,

Шинэ нийтлэл оруулаагүй их удаж. Тиймээс нэг толгойн дотор бодогдоод л байдаг санаагаа хуваалцмаар санагдлаа.

Хэдхэн жилийн өмнө л кофег Nescafe эсвэл Хаан ууттай кофегоор л төсөөлдөг байсан Монголчууд өнөөдөр өдөр тутмынхаа зайлсшгүй нэг хэрэглээ болгожээ. Хотын төвөөр бол хэд хэдэн кофе шопууд дарааллан орших нь элбэг. Гэхдээ бүгд л адилхан ороод л кофегоо аваад намуухан хөгжмийн дөлгөөн аянд суун алжаалаа тайлах эсвэл уулзалт, гэрийн даалгавар, ажлаа амжуулахад зориулагдсан мэт.



Урин дулаан цаг ирж хүүхэд, хүмүүс гадуур холхиж зугаалах нь ихсэж байна. Нааш цаашаа зугаалж хаана л шинэ зүйл байна тийшээ тэмүүлдэг болж. Саяхан Хүннү молл нээгдлээ гэсэн чинь нэг хэсэгтээ л хот хөнгөн сийрэг болсон шд. Тэгэж санагдсан уу? Хүннү молл ороогүй бол хүн биш гэх нь холгүй байсан шд.

За за тэр яахав, шинэ содон сонирхолтой юм нээгдвэл хүмүүс шуурдгийг бид мэдэж авлаа. Тэгвэл надаа зүгээр нэг ийм санаа бай'дийн.

Кофе шоптой хамт яагаад дугуй түрээс, үйлчилгээний газар давхар ажиллуулж болохгүй гэж. Урагшаа 19, Зайсангийн зүг рүү дугуйн түрээсийн газрууд хэд хэд бий. Тэндээс өглөө эрт дугуй түрээслэхдээ давхар аяга кофе уучихмаар надад лав их санагддаг. Даанч байдаггүй. Эсвэл дугуйтай явж байгаад кофе уумаар санагдахад гаднаа дугуйн зогсоолтой кофе шопууд Улаанбаатарт хэд байгаа бол?

Кофе шоптой хамт яагаад дугуй түрээс, үйлчилгээний газар давхар ажиллуулж болохгүй гэж. 

5 сар гаргаад л дугуйн улирал эхэлчихдэг. Зарим нь одооноос ч дугуйгаа агуулахаасаа гаргаад ирчихсэн унаж байна лээ. Тийм болохоор хэрвээ надад кофе шоп ажиллуулчих төсөв нь байсан бол би энэ санааг л хэрэгжүүлэх байсан.



За яахав манайх шиг тачигнасан өвөлтэй оронд бол улирлын шинж чанартай санагдаж магадгүй. Гэхдээ өвөл ч гэсэн дугуй унадаг хүмүүс зөндөө байдаг юм байна лээ. Би ч гэсэн өвөл дугуй унах үедээ унадаг. Магадгүй хүйтэнд дугуйтай явж байгаад кофе шопд орж халуун кофе ууж дотроо халаах хооронд дугуйн бүрэн бүтэн байдлыг шалгаад өгчихдөг газар байвал би лав байнгийн үйлчлүүлэгч чинь болно гэдгээ амлаж байна.

Нэг иймэрхүү байна санааны хувьд. Магадгүй нэг нь уншаад энийг хэрэгжүүлчих байх тэгвэл надад хөнгөлөлттэй үйлчлэнэ шүү! Би ч сайн дэмжих болно.

Нээрээ ядаж гаднаа дугуйн зогсоолтой болчихвол ч...